BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS

Friday, October 23, 2009

Гэрэлтэй таталбар

Зуны аагим халуунд би дургүй.Уснаас нь гаргаад эрэг дээр шидчихсэн загас шиг зовдог юм.Тийм нэг халуун өдөр билээ.Нозоорсон халуунд хүний нутгийн тэнгэр сэвэх салхигүй бүгчимдүүлж байв.Монголынхоо хөх салхийг , тэр тусмаа Арвайхээрийнхээ хаврын хавсрагыг санаж байна гэж юүхэв.Болиод өгөөч гэмээр хөвсөлзтөл салхилж ,муухан шиг даруулсан гэрийн өрхийг авч чулуудаад л хайрга шидлэн агсамнаж,улаан шороогоор эргэж байдаг нь санагдаад гижигдүүлсэн юм шиг инээд хүрч билээ.Цагаа олж салхиа санасан тулдаа тэгсгээд жаахан тайвшрах аядаж,дэндүү их ганцаардаад байгаа сэтгэлээ аргадахаар компьютерийнхээ ард суулаа...Энэ удаад миний унаган багын анд Сарантуяа маань амаржиж,охинтой болсон тухай баярт мэдээ ирж, сэтгэлийн дотуур сүүн зам татуулах шиг боллоо.Яруу найрагч ,сэтгүүлч Бямбаагийн Сарантуяа бол миний нутгийн охин.Би Сараагаас нэг насаар эгч арван тавтайдаа бид анх танилцаж билээ.Тэр үед арван жилийн сургуулийнхан намрын ажилд явдаг байсан юм.Би биерхүү өндөр охин байсан,эрчүүдтэй адил нормоор төмс хурааж ажиллана.Харин Сараа маань намхан годгор охин байсан,бас өөртэйгөө адилхан хэдэн намхан жаахан охидтой нийлээд тогооч хийдэг байв.Тэр үед моод болж байсан жинсэн өмд,индүүн ултай ботинк өмсдөг жигтэйхэн ганган ,"ээс" охин байсан юм.Нэг удаа хийсэн хоолноос нь үнэртэй ус амтагдаад, би бусад нөхдийн хамт их уурлаж байж билээ.Тэгээд удалгүй тогоочоос огцорсон санагдана.Гал тогоонд манай ангийн охид ажиллах болсноор хоолноос үнэртэй ус амтагдахаа больж ,харин тэд өдөржин юугаа ч юм бэ ярьсаар байгаад гэнэт бидний ирэх бараагаар л хоолоо тогоонд үйдэг тул их оройтож хооллодог болсон доо...Тэр үед би Сарааг шүлэг бичдэг гэж мэддэггүй байлаа.Харин англи хэл мэддэг гэж итгэдэг байсан.Яагаад гэвэл манай ангийн нэг охин тэр хоёр англиар ярьж байна гээд шулганалдаад байдаг байсан юм.Би англи хэлээр чухам хоосон тул тэгж л ярьдаг юм байх гэж боддог байсан .Тэхнээ хожим мэдвэл эд нар арвын дотор тоо тоолох хэмжээний юм ярьж биднийхээ дунд тодордог байсан бололтой.Орой гал тойрон суугаад банзан гитар балбаж шороо манаруулан бүжиглэж эсвэл би шүлгээ уншдагсан.Ажлын завсарлагаанаар би хөвгүүдтэй барилддаг байлаа.Ана мана үзнэ.Учиргүй дэвж шавж явсан санагддаг юм.Ийм л намар бидний замыг холбосноор бид бие биенээ мэдэх болж ,хорин хэдэн намрын нүүр үзжээ.Сараа бол миний хувьд Ихмэдэх юм.Сараад мэдэхгүй юм гэж байхгүй.Надад мэдэхгүй юм таараад асуух хүн хэрэгтэй болвол хамгийн түрүүн Сараа руу утасддаг.Заримдаа буруу зөвлөгөө өгөх нь бий.Гэвч би хашрахгүй Сараагаас асуусаар л байдаг билээ.Би Багшийн дээдийг төгсөх хавраа дотор муухайран бөөлжис хутгаж ,хоол унднаас гараад турж эцэн ядарч цонхийв.Мэдээж аав ээжийгээ зовоохгүй гээд оюутны гүргэр зан гарган, аймгийн төврүү утсаар ярьсангүй.Сараадаа хэллээ.Сараа намайг эмчлэх юм болов.Таван литр ус буцалгаад долоон давс тоолж хаяад шанагаар хутган авчирч "УУ" гэж тушаав.Нэгэнт би мэдэхгүй зүйл гарвал Сараагаас асууж дассан тул шууд уулаа.Арайхийж нэг литрийг уутал дахин хутгаж авчраад бас л "УУ "гэв.Би уулаа.Бүтэн өдөржин Сараа дэргэд байж нөгөө их усыг цүрийтэл уулгасан боловч би сайжирсангүйгээр барахгүй бүүр толгой эргэж ,бие муудаж эхлэв.Тэгээд эмнэлэгт очиж үзүүлтэл "жирэмсний хордлого" гэсэн онош тавьж билээ.Миний найз ямагт шинийг эрлхийлж явдаг хүн.Шинэ кино,уран зураг,бас хувцасны шинэ загвар гээд түүнд сонирхохгүй юм байхгүй.Сонирхож татаад тамхинд орсон хүн.Тэгээд их тэвчээртэй, хаялаа гэсэн үедээ тамхиа шууд хаячихна.Нэг сонирхсон юмтайгаа удаан зууралдахгүй,сонирхол нь ямагт өөрчлөгдөж байдаг хүн.Сараа гаднаа их хэнэггүй дүртэй.Юманд их амгалан ханддаг мэт харагдах боловч үнэндээ гайхалтай эмзэг хүн.Тэр эмзэг зан нь уран бүтээлд нь тусгалаа олсон байдаг.Сараагийн шүлгүүд бол тэр чигтээ эмзэглэл байдаг.Тэр эмзэглэлээ "ӨӨ ЯАХАВ ЭЭ" гэсэн санаагаар нуун далдалдаг юм шиг санагддаг юм.Сараа их ой сайтай,өнгөний мэдрэмжтэй,шүлгэндээ завсрын өнгөөр сайн тоглодог.Бүрх малгайт,Намрын навч аа би... зэрэг шүлгүүд нь идэвхитэй хөдөлгөөнтэй,тоочин дүрслэх сэтгэлгээний эсрэг дайралт хийсэн, өөр тогтоцтой шүлгүүд юм.Сараа бол өршөөгч ,захирагч,эсвэл хийсвэр зан араншинтай шүлэг бүтээдэг.Сарантуяагийн шүлгүүдээс уянгалаг хөгжим биш,эрс шийдэмгий тулган шаардалт эсвэл гүнзгий санаа алдалт сонсогдох нь олонтаа.Бас бяцхан сахиусан тэнгэрийн далавчны чимээ сонсогдож,одоо хэр нь Сараагийн нүднээс хэний ч олж хараагүй "тэр" нулимс амтагддаг.Миний анд одоо шүлгийн шинэ номоо бэлдэж байгаа.Тэр ном нь надад үргэлж нээлттэй хэрнээ үл тайлагдах гүн нууцат Сараагийн ертөнцөд нэвтрэх бас нэгэн замч болох юмаа.Төгсгөлд хэлэхэд Сараа маань хүүдээ Дөлгөөн,энэ зун төрсөн охиндоо Ялгуун гэж нэр өгсөн шүү.

4 comments:

Тэнгэр мэт said...

Сайхан санагдаж байнаа Ичин минь бидний нөхөрлөл хичнээн ч цаг хугацааг элээсэн чи надад үргэлж шинэ сонин гайхалтай тэгээд хамгийн дотно хэвээр байсан. бидний найзалсан он жилүүл, найзлах он жилүүд мандтугай.

agai said...

bayrlalaa

agai said...

unshij hundlej bas bishirch yavdag erhem humuun min ta bilee

Anonymous said...

[url=http://www.pi7.ru/main/2018-vladelec-poteryannoy-spyanu-kartiny-okazalsya-moshennikom.html ]Курьезные моменты в спорте [/url]
Здравствуйте! Я завершила педагогический вуз. Но методикам обучения дошкольников не обучалась. Сейчас мне предложили учеников 5-6 лет.Скажите, с чего же стоит начать?Спасибо заранее