BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS

Monday, October 26, 2009

Нарны жавараас олсон бодол

Би шүлэг бичдэг болсоор уджээ...Хүмүүс намайг яруу найрагч гэж дууддаг,мэддэг болтлоо удаж.Утгазохиолын энэ орчинд хувь заяаны дуудлагаар алхан ороод бахардатлаа бишрэн харж байсан уул мэт ахан дүүсийн дунд амьдрал минь үргэлжилсээр л байна.Би яруу найрагчдад чин зүрхнээсээ хайртай.Энэ хөдөлмөрийн зовлон жаргалыг мэддэгтээ ч биш,ер яруу найрагч хүний зүрх эгэл бишийг мэддэгтээ л би тэдэндээ хайртай байдаг даа.Эмзэглэл,хамгийн нандин хөг аялгуугаар дүүрэн,мэдрэмжит тэр нөхөд минь зуун зууны туршид хүмүүний сэтгэлийг хөдөлгөн чадаад хөнгөн бийрийг хөшсөөр ажгуу...Утгазохиолын тухай халуун яриа өрнүүлэх эрх надад байгаа юм.Яагаад гэвэл мөнөөхөн гайхамшигт мөр шадуудыг бүтээгч эрхэм хүмүүстэй нэгэн он цагт амьдарч,нэгэн зүгт ширтэж явсан байнам.Би Монголын уранзохиолын хөх мөнх оргилуудын нэгэн Дэндэвийн Пүрэвдорж гуайнхаа тухай дурсах гэсэн юм.Мөн ч олон дурсамж сэтгэлд үлджээ.Хамгийн анх ерэн оны намар энэ хүнтэй уулзаж билээ.Тэгэхэд Пүрэвдорж найрагч Зохиолчдын эвлэлийн Монгол уран зохиол нэгтгэлийн дарга байжээ.Цав цагаан цамцныхаа ханцуйг тохойгоо тултал эргүүлсэн их цоглог төрхтэй хүн ядам хуруундаа чулуун шигтгээтэй ганган бөгж гялалзуулсаар том модон ширээний ард духаараа харж духайсгээд сууж байв.Миний ээжийн төрсөн эгч Баавайгийн нөхөр Амгалан ах намайг Пүрэвдорж гуай дээр дагуулж орсон юм.Нутгархаж тэгсэн байх.Уг нь тэр үед залуу зохиолчдын нэгдэл гээд залуус шүлэг зохиолоо үзүүлчихээр газар монголын зохиолчдын ордонд байж л байсан санагдана.Ашгүй Пүрэвдорж гуай хэдэн шүлгийг минь тоож сонссон шүү.Тэр үед бас зоригтой байж.Хэдэн муу шүлгээ унших уншихдаа хамгийн томд нь уншиж л байдаг.Тэнэгийн дотор уужуу гэдэг л болсон юм дагуу даа.Пүрэвдорж гуай намайг "хоосонгүй юм байна " гэж дүгнэжээ.Тэгээд намайг арав төгсөөд сургуульгүй хоцорсныг дуулаад сургуульд оруулчих арга чарга юу байдаг юм бол доо гэхчлэн Амгалан ахтай ярилцав.Дараа нь утсаа шүүрч тэр үед Монголын залуучуудын төв хэвлэлд сэтгүүлчээр ажиллаж байсан Дамбын Төрбаттай ярилаа.Наад хүүхэд чинь сургууль соёлгүй хоцорсон хүн байна.Шүлэг мүлгийг нь уншуулж үзээд их сургууль хавиар шингээх арга хайж үзвэл ямар бол гэж хэлж билээ.Тэр намар Пүрэвдорж гуайн хайрласан тэр их урмаар би одоо ч тэжээгдэж явдаг.Би намар их сургуульд орж чадаагүй боловч Болор цомын эзэн болж Пүрэвдорж гуайн санаачилсан тэр наадам миний амьдралын нэгэн хуудсыг нээж өгч билээ.Тэр намраас хойш Зохиолчдын эвлэл дээр "Нээлттэй хаалганы өдөр "гэдэг сайхан арга хэмжээ олон удаа болж,нэртэй том уран бүтээлчдэд залуу зохиолчид шүлэг бүтээлээ уншдагсан.Тийм нэг ярилцлагын үеэр Пүдо \би бусад нөхдийн нэгэн адилаар Дүрэвдорж гуайг Пүдо хэмээн дотночлон авгайлах болсон юм\ тэр үед гэнэтхэн их нэрд гараад байсан бидний хэсэг нөхөд болох Мөнхцэцэг,Билгүүн,Эрдэнэ-Очир,Батрэгзэдмаа нарт "сармагчингийн улаан бөгсний" тухай ярьж билээ.Тэр нь уранбүтээлч хүний сахилга хариуцлагын тухай,олж авсан нэр төрөө хэрхэн зөв хадгалж явах тухай яриа байсан боловч өндөрт гарах тусмаа улаан бөгс нь илүү тод харагддаг сармагчингийн тухай ярьснаараа миний санаанд их тод хадгалагдан үлдэж би тэр үг,санаанаас дотроо олон зүйлийг тунгаан их л ичиж эмээж байж билээ.Тэр яриан дундаа нэг үгийг онцлон хэлсэн нь одоо ч миний ой тойнд байдаг.Яруу найрагч бол сэтгэгч байх ёстой гэсэн үг юм даа...Пүдотой уулзсан хоёрдахь намар бас дурсамжтай сайхан намар билээ.Би ерэннэгэн оны намар Багшийн дээдэд шинээр нээгдсэн зохиолчийн ангийн анхны оюутны нэг нь боллоо.Намар хичээлдээ явахаар болоход аав ээж маань, хоёр дөчийн бидон айраг өгч явуулав.Нэгийг нь очих айлдаа нөгөөг нь зохиолчиддоо өгөөрэй гэв.Би хөдөөнөөс ирээд байх айлдаа нэг дөч айргаа өгөөд, нөгөө дөч айргаа Пүдогийн өрөөнд оруулж тавив.Намрын айраг тэр хавиар нэг сэнгэнэж Пүдо нутгийн айргаар орсон гарсан зохиолчдыг бүгдийг дайлаад их л баяртай байж билээ.Нэлээд хэд хоногийн дараа Пүдо миний суудаг аравдугаар хороололд, Амгалан ахынд маань айргын савыг авчирч өглөө.Тэгэхдээ айргийн саван дотор хэдэн ном хийсэн нь дандаа яруу найргийн номууд байж билээ.Амгалан ах,Баавай эгч бид гурав мөн ч их бэлэгшээж байсансан.Тийнхүү нөгөөх дөчийн бидоноос зохиолчид айргийг нь ууж,би номыг нь аваад гадаа тагтан дээр гаргаж орхисон нь амралтаар миний Өвөрхангай явах хүртэл тэндээ гунигтайгаар байж байдагсан.Миний амьдардаг байсан тэр байранд Дэлгэрхангайн уулан дээрээс дэлхийг харсан гайхамшигт зохиолч Сормууниршийн Дашдооров гуайнх бас амьдрах агаад тэр байрны тухай зохиолч Дан.Нямаа нэгэнтээ
Тагтан дээр нь зуух яндан
Дэлгэрхангайгаас ирсэн айргийн сав
Татсан шуудууны цаана
Дашдооровын цэнхэр байшин ....хэмээн шүлэглэж билээ.Тийн Дооров гуайн, манай хоёр айлын тагтан дээр айргийн сав намаржсан тэр сайхан намар саяхан л юм шиг санагдах авч монгол утгазохиолын хоёр том уул болсон бичгийн эрхэм мэргэд Дооров ,Пүдо хоёр маань аль аль нь үүлэн чинад нисчээ.Пүдо бол цогтой галтай,цэцэн тансаг найргийг ур ухаанаар шаглагч.Үнэндээ цэцэн билэгт найрагч гэдэг алдрыг тэр хүн л хүртэх эрхтэй гэж би боддог.Асгаран урсах тэр тансаг цэцэн үгс яг л монгол гэрийн хана тооно хаалга туурга мэт эвлэлдэн зохирч альч талаас нь үнэртсэн айраг дуу цалгилах монгол найргийн өнгө төрхийг бүтээж чаддаг.Тэр хүний цээжинд үргэлж ундран байх үг санааных нь ярууг яанаа...Саяхан даа ,миний дүүгийн нөхөр улсын наадамд тав давж начин болов.Би бас л хүний эгчийн буйр зааж цолны найрын асуудал эрхлэн гүйж явсаар яг урилга хэвлүүлэх цагтаа хэвлэлийн газар тавьж очтол урилгын хуудсанд бичих үг дутав.Ухаан санаа тэртээ алс найрын ширээний ууц мэт дээгүүр гүйж явах.Начин дүү маань Пүдотой яг нэг нутгийн хүн тул утсаа авч Пүдоруугаа залгалаа.Начны найрын урилга дээр бичих үг минь гологдоод ..гээд эхэлтэл утасны цаад үзүүрээс тэр дорхноо л
Хавар намартаа цасан сархиагтай
Харлаг тахь шиг Эрээн уулынхаа
Хажуу суганд нь өссөн хүү
Хатыг нь өвлөж начин боллоо....гэхчлэн хөврүүлж гарлаа.Уулын хаттай эр хүн улсын начин болдог гэсэн тэр л үгнээс гэнэт сэтгэл мэлмэрээд нэг их зөөлөн нулимс цалгиад ирж билээ..Мөн ч цэцтэй хүн шүү. Пүдог ямархан том найрагч гэдгийг монгол хүн бүхэн надаар хэлүүлэлтгүй мэднэ.Би Пүдогийн монголоо гэсэн үзэл санааг бишрэн дэмжиж явдаг.Эх орон тусгаар тогтнолын үнэ цэнийг хайрлахыг,эх хэлнийхээ яруу сайхныг хадгалж явахыг Пүдогийн яруу найраг бидэнд сануулдаг.Миний "Хязгаарт хүрэхүй" номын оршилд Пүдо "Ичинхорлоо бол Монгол найргийн зөв үүдээр орж,үндэсний утга соёлын мянганы тахилд дээж өргөн,хөх туургатны их ёсыг дагаар агаад,өлмий зулай дахь өөрийн газар тэнгэрийг өмчлөн,хэрхэвч харшиж чадахгүй найрагч болжээ" гэж бичсэн нь надад хайрласан дараахь их урам агаад басхүү түүний надад үлдээсэн гэрээслэл нь байсан шиг одоо санагддаг юм.2005 оноос би Пүдогийн үүсгэн байгуулсан Монголын нууц товчоо коллежид ганц нэг цагийн хичээл заадаг болсноос хойш бид илүү их ойр дөт болсон доо.Тэр үед намайг "би хүнд эрдэм заах хүн бишээ ,Пүдо минь гэж цааргалахад өнөөх л гунигаа үргээх гэсэн мэт тас тас инээдгээрээ инээгээд
Багшийн дээдийн бантангаас бага зэрэг халбагадаа биз дээ
Бавуугийн Лхагвасүрэн бид хоёрын балгаас бас жаахан хүртээ биз дээ...гэхчлэн хэлээд санааг минь урвуулж дөнгөсөн юмдаг.Тэрхүү "балаг" гэдэг үг нь ерээд оны эхэн үед Пүрэвдорж,Лхагвасүрэн тэргүүтнийг нэг үе шүүмжлэн ,хов яриа,хэл ам гардаг байсны илэрхийлэл болох "Бавуугийн Лхагвасүрэн балаг тарих нь ээ" нийтлэлээс авсан үг билээ.Бид шинэ номын баяр ,яруу найргийн уулзалт,хөдөө гадаа утгазохиолын арга хэмжээнд их олон удаа хамт явжээ.Бид нар аян замд дуу дуулдаг.Гоцлол дуучин нь Чимэддорж ах,Хулан бид гурав болно.Пүдогийн зохиосон дуу дуусахгүй олон шүү дээ.Жараад оны өнөөх сайхан дуунууд чинь бараг бүгдээрээ Пүдогийн үг.Дуулсаар яваад аян замыг туулж,зохиолчид гэр гэртээ буухад Чимээ ах,Ху бид гурвын хоолой сөөсөн байдаг байлаа.Пүдо маань үнэхээр баатар хүн юм.Хөдөлмөрийн баатар цол авсан л даа.Харин би бол чухамдаа улсын баатар гэж боддог.Хатуу хариг цаг үед ч тэр,халуун залуу насандаа ч,халшрам зовлон туулсан үедээ ч тэр,цөхрөм доромжлолд гуталгүй,цөлх эршүүд загнаж,эх болсон Монголоо магтан дуулж, туурга тусгаар эрх чөлөөгөөрөө гайхуулсан түүн шиг "том амьтаныг" би үнэндээ мэдэхгүй.Амьдралынх нь сүүлийн жилүүд Пүдогийг угийн хаттай сэтгэлийг жаал нугалсан шиг над санагддаг.Нэг удаа манай зусланд ирээд хатуу идээ зооглож жаахан халамцаж билээ.Тэгээд "Найдвартай "гэж миний ханиар жолоогоо бариулаад, "наргиатай " гэж намайг машиныхаа арын суудалд суулгаж өөрийн найз нэрт орчуулагч,урьд нь бол гадаад явдлын яамны сайд асан ахмад дипломатч Гомбосүрэн гуайнхаар зочлов.Тэдний яриа хөөрөөг сонсоход үнэндээ урамтай.Юм мэддэг авьяас билигтэй хүмүүсийн ярих сэдэв нь хүртэл лут юм билээ.Дэлхийн утгазохиолын тухай ,монголын улстөрийн тухай яриа үргэлжилж нэгэн өдрийг өнгөрөөсөн дөө.Буцах замдаа Пүдо маань миний нөхөрт "Энэ жил их хатуу жил боллоо.Эхлээд гэртээ ганцаараа болов.Дараа нь орчлонд ганцаараа болов" гэж хэлэхэд нь бид хоёрын зүрх ширхийж билээ.Чухамдаа Пүдод хатуурхсан тэр жил насны хань Чанцал болон төрсөн дүү Санжмятав нар нь нас элж зүрх сэтгэлдээ эдгэрэшгүй гуниг нэвчүүлсэн хэцүү үе байсан юм.Пүдо хүн шоолохдоо гаргуун.Зохиолчдод нэр хоч өгөөд түүнээ нууцлах гэж бөөн ажил болдогсон.Тэр ажилд Пүдогийн гар нийлдэг хүн бол Заяатын Ядмаа гуай.Нэг удаа тэр хоёр найрагчдыг дууны нэрээр нэрлээд тэр нь их онож бөөн л инээд дэлгэрч билээ.Тэр аман шогоор бол Бавуугийн Лхагвасүрэн багшийг Баатар цогтын нагац,Сүрэнжав ахыг зуун лангийн жороо ч билүү,харин Цоодол гуайг Гунан хар,Бадарч ах Задгай цагаан үүл,Пүрэвсүрэн ахыг Барайгаад байдаг баян хайрхан ,Төрбат ах бол тохой зандан мод, Мөнхцэцэгийг Янлинхуар, Хуланг дөрвөн настай халиун гэхчлэн нэрлэсэн санагдана.Намайг Хулсан ташуур гэсэнд би их эсэргүүцэн заргалдаад дийлээгүй билээ.Өнгөрөгч жилийн сүүлээр миний шинэ номын баярт Пүдо ирж намайг "Овоо доо,Ичинхорлоо минь" гэсэн нь харам үгт ,хажиг зант тэр эрхмээс сонссон бас нэг урам билээ.Тэр үед Пүдо маань манай гэр бүлийг алс газар одох гэж байгаад сайны ерөөл хэлж үдэхдээ, яагаад ч тэгсэн юм өөрийнхөө бичгийн ширээний ард сууж буй жавхлантай сайхан зургаа дурсгасан юм.Тэр зургийнхаа ард
Миний жолооч Товуу
Миний жолоодогч Ичин нартаа
Газрын алганаас дүүлэн тэнгэр атгах замд чинь
Гадаад их далайг давуулан сэтгэлийн гүүр тавьлаа би
Оройгүй эрдмээс шимийг нь хүртэж
Огторгуйгаас од шүүрээд ирээрэй
Сайхан дүү нар минь, сайн яваарай үнсье
Саная...хүлээе....учиръя гэж бичснээ тэндэх олонд уншиж өгч асан бүлгээ.Пүдод минь бидэнтэй дахиад уулзаж чадахгүй гэсэн совин байж дээ,тэр үед.Харин бие нь барагтайхан байгааг мэдэж байсан хэдий ч бидний сүүлчийн уулзалт энэ болох юм гэж санаагүй.Тэгээд бодохоор утгазохиолд өөрийн яруу тодорхой зам мөрөө үлдээж үе үеийн найрагчдыг өөрийн гайхамшигт бүтээлээр угжиж өсгөсөн энэ их хүнийг ойлгож,хүндэлж,хайрлаж чадсан билүү гэж өөрийнхөө үе тэнгийн найрагчдаас басхүү өөрөөсөө дахин дахин асуумаар санагддаг юм.
Насан туршдаа намын жаварт хайргадаж явсан энэ хүн Нарны жаврыг ч гэсэн дэндүү сайн мэддэг байсан билээ.Тэгээд л амьдралынхаа сүүлийн жилүүдэд бичсэн номуудаа "Улаан гэрийн хоригдол","Бор гэрийн Богд","Нарны жавар" гэж нэрлэсэн байх даа.Харин би түүнийг монгол утгазохиолын өнө мөнхийн "Хөх үндэсний гал" гэж бодож явдаг юм.

4 comments:

Anonymous said...

сайхан санагдлаа. Үнэхээр Пүрэвдорж гэдэг энэ эрхэм монголын утга зохиолын томоохон орон зай байж дээ. Түүн шиг уянгалаг шүлэг одоо хэний цээжнээс гарахыг хэлж үл чадна.

Бум said...

Сайхан дурсамж бна шүү. Өөрийг тань блогтой болж уншигч бидэнтэй нэгэн төрлийн "нээлттэй" болж байгаад талархаж байна

ganga said...

'утгазохиолд өөрийн яруу тодорхой зам мөрөө үлдээж үе үеийн найрагчдыг өөрийн гайхамшигт бүтээлээр угжиж өсгөсөн энэ их хүнийг ойлгож,хүндэлж,хайрлаж чадсан билүү гэж' bodohoos Ayurzana-g uleej avch chaddaggui yum.

Saihan blog baina, bayarlalaa.

Anonymous said...

Inchkag bolor tsomd ankh tyryyleed gudamjaar yabj baihad ni taaraldaad ih l harj bilee. bi tegehed ih surguulid ouytan baisan yum dag. chamaar baharhdag shyy. ter yed ergyylehgyi yab daa . chamdaaa alsaas hairtai shyy. USA-s