BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS

Sunday, November 8, 2009

Хаан найргийн хатан ДУЛМАА

Яруу найргийн алтан үеийнхэн гайхамшигт бүтээлүүдээрээ ард түмний оюуныг мялааж,гадаа гэртгүй хөгжлийн түрлэг уухай хадаасан жараад оны үес.Гандан Туулын дэнжээр ганган хүүхнүүд гараа хаялан зугаацсан үдшийн тогтуунд Улаанбаатарын шилэн ресторанд твист бүжиглэж, шифр сэнгэнүүлсэн залуус тэр үеийн шинэ Монголын нийслэл хотын хэв шинжийн нэгээхэн хэсгийг бүрдүүлж байсан ажаам.Төв аймгийн Авдарбаянгаас Улсын Их Сургуульд суралцахаар ирсэн улаан хацартай жаал бүсгүй уртаас урт хилэн хар гэзгээрээ харцуудын харцыг шилбүүрдэн, ном тэвэрч гүйсээр их найргийн замд үе тэнгийн нөхөдтэй дөрөө харшуулсан нь эдүгээ "хаан найргийн хатан Дулмаа "хэмээн өргөмжлөгдсөн гэгээлэг сэтгэлт эрхэм найрагч эгч минь ажгуу.Сүрэнжав,Бадарч,Чойном,Пүрэвсүрэн гээд үеийн харцууд дотроо ганцхан эмэгтэй түүнийг амьдрал олон шалгуураар сорьж сонжсон билээ.Нэг удаа нөгөө хэдэн найрагчдын нэгнийх нь эхнэр нөхөртөө "Чи өчигдөр нэг өндөр хүүхэнтэй сугадалцаж явсан гэнэ "гэж их л хилэгнэхэд нөхөр нь "ХН тэр чинь хүүхэн биш Дулмаа" гэсэн юм гэдэг.Ийм л дотно дулаахан нөхөрлөл тэдний үеийг чимж явж дээ.Их бүтээн байгуулалтыг магтан дуулсан сүрлэг дууллууд,Бэгзийн Явуухулангийн дорнын уянгат тансаг бичлэг ,Дэндэвийн Пүрэвдоржийн ширгэшгүй ундаргат цэцэн танхай найраглалуудтай зэрэгцэн хүний сэтгэлийн хамгийн эмзэг торгон утсыг хөндөн бичсэн Шагдарын Дулмаагийн "Хүүгийн эцэгт бичсэн захидал" хэмээх дуулал "хүн бүхэн амандаа хүлхэж мөлийлгөсөн хүсэл хяслын алтан үрэл"гэгчээр тэр үеийнхний амнаас салахыг больжээ.Жараад оны сүүлч далаад оны эхэн үеэр Шагдарын Дулмаагийн олон бүтээлүүд хэвлэгдэн түмнээ хүрч тэр тоолон бүтээлийнх нь чанар чамбайрсаар байв.Шагдарын Дулмаа бол бүсгүй найрагчдын замыг засаж даль жигүүрийг нь өдлүүлээд гар дээрээсээ нисгэдэг "ээж буудал" юм.Энэ хүний эргэн тойрон дандаа яруу найрагчид хүрээлж байх даллага авахуулсан гэлтэй.Гэрээр нь дүүрэн найрагчид бужигнаж байдаг тийм л айл.Амьдралын ээдрээт харгуй туулж дөрвөн хүүхдээ өсгөхдөө гадаа гарч эр,гэрт орж эм болж явсан сульдашгүй дайчин чанар, их ухаан энэ эмэгтэйд бий.Дулмаа эгч миний хувьд бас л эгэлгүй дотнын хүмүүсийн маань нэг нь билээ.Анх 1992 оны хавар Зохиолчдын хороон дээр Дулмаа эгчтай таарсан юм.Би урьд нь Дулмаа найрагчийг олж уулзах гэж зохиолчдын хорооноос сураглаад "Герман явсан" гэдэг хариуг хэдэнтээ сонсоод байсан үе билээ.Зав л гарвал гүйж очдог Зохиолчдын маань Хорооны нэгдүгээр давхарт хөвөрсөн урт хар банзалтай,шар савхин хүрэмтэй,саатай цэнхэр ороолтоор гангарсан ,халимаг үстэй дэгжин эрхэм нэг хүнтэй ярилцаад зогсож байснаа, намайг нэрээ хэлж мэндлэхэд,"өө, чи минь нөгөө Ичинхорлоо" гээд хэзээний таньдаг дотнын хүн шиг татаж аваад үнссэнийг нь их тод санаж байна.Би тэр үед лавтайяа гэрээ, ээжээ санаж явсан болоод тэр дотносол тийм тод сэтгэлд минь үлдсэн байх.Бидний анх уулзахад Дулмаа эгчийн хүзүүнд байсан тэр ганган цэнхэр ороолтоор нь би нэг удаа өөрийгөө гоёод хайрын шүлгийн "Цэнхэр унага "гэдэг наадамд шүлэг уншиж түрүүлж байсан юм.Тэгээд шагналаа тэвэрчихсэн, цэнхэр ороолтоо намируулчихсан их л баяртай дэгдэж явахдаа арай өөрийгөө цэнхэр унага мэтээр төсөөллүү яалаа... Дулмаа эгчийн хань Ганболд ах үнэхээр сайхан хүн байлаа.Түүнийг "Дайсны цэргүүд ээ сонсоцгоо" киноны Гэлэг хошуучийн дүрээр түмний сэтгэлд мөнхөрснийг нь хэн бүхэн мэднэ.Анх уулзаад лДулмаа эгч намайг шууд гэртээ дагуулж очсон.Гэр нь тавдугаар сургуулийн ард.Одоо ч тэндээ амьдардаг.Тэр өдрөөс хойш багшийн дэдээс миний гаргасан бас нэгэн зөрөг энэ айлыг чиглээд зурайж билээ.Тэдний хуучин утасны дугаар нь 62561.Одоо 313561 болсон.Одоо ч би заримдаа андуураад 62561 гэж залгах нь бий.Би тэднийд очиж хонох зөвшөөрөл байгаа айлаасаа аваад Дулмаа эгчтэй шөнөжин ярьж хонодог байлаа.Одоо бодоход их л нууц юм ярьдаг байсан юм байлгүй учиргүй шивэгнэлдэн ярьж байгаад гэнэт хоёул тачигнатал хөхрөлдөн Ганболд ахыг цочоож сэрээдэг байв.Наддаа л их нууц, чухал,заримдаа бол хүн тоож сонсмооргүй тэр бүхнийг Дулмаа эгч минь тоож сонсоод зөвлөж ,нулимсыг минь арчиж,аргадаж,зоригжуулж байдагсан.Би их сургуулиа төгсөөд өвөртөө дипломтой нүүрэндээ сэвхтэй хүүхэн болоод Өвөрхангайруугаа арилж өглөө.Дулмаа эгч хойноос байн байн захиа бичнэ.Хөдөөнөөс хотруу орж ирж хотын айл болон төвхнөхийг уриална.Энэ захидал болгон намайг амьдралын шинэ үүрээ хотод засахад зоригжуулж байлаа.Угаасаа ч зүрхээ Улаанбаатарт гээчихээд ирсэн мэт багын диваажин Арвайхээртээ сэтгэл минь удаан тогтоогүй билээ.Тэгээд л нэг жилийн дараагаар охиноо тэвэрч нөхрөө дагаад хадам аавынхаа барьж өгсөн арван ханатай баяд гэрийнхээ буйраар телевизийн хуучин эцсийн буудлын жижигхэн хашаанд монгол айлын тамга дарж, шинэ айлын голомт тулж билээ.Мэдээж манайх гэдэг айлын анхны зочид нь Дулмаа эгч ,Ганболд ах хоёр маань байсан.Ганболд ах бүүр "Боргио" гээд пиво авчихсан тухлаж суух завтай ирнэ.Гэр дүүрэн баяр болдог байлаа.Нэг удаа Ганболд ах "Алтан тариа"гийн гурилын рекламанд тоглох болоод манай гэрт зураг авахуулж билээ.Цагаан сарын боов хийж байгаагаар...
Монгол гэр сайхан гээд нэг их том хүн манай том гэрийн зайг дүүргэн завилаад,жаахан халамцчихсан
-Ээж та намайг хараа нээрээ би согтсон гэж үү...гээд Дулмаа эгчрүү дуулж суудагсан.Би охиноо галд ойртуулахгүй гээд бүсээр уячихна.Ганболд ах хүүхэд уячиж гээд их дургүйцэх маягтай байна.Би тэгэхээр нь үгэнд нь орж байгаа мэт уяаг нь тайлчихаад тэр хоёрыг явахаар нь ахиад л уячихдаг байж билээ.Миний ингэж охиноо уядгийг нөхрийн маань ах ,Ганболд ах хоёр их эсэргүүцдэг байсан санагдана.Тэгээд нэг удаа Товуугийн маань ах одоо Энхүүшийг битгий уяж бай гээд уясан бүсийг нь тайлаад шидчихэж билээ.Би ахаас айгаад дахиж ер охиноо уяхаа больсон юмдаг.Тийнхүү авга ахынхаа ачаар уяанаас чөлөөлөгдсөн охин маань манай хамаг аяга тавгийг хагалж өгөөд хөлд орж, хорвоотой танилцахаар гэрээсээ гарч хаяаны манаасны жижигхэн чулуунуудыг түүж эхэлсэн юмдаа.Эргэн санахад жижиг гэлтгүй дурсамж бүхэн сайхан байдаг шиг байна. Дулмаа эгч яруу найргийн олон ном хэвлүүлсэн хүн.Сүүлд нэлээд хэдэн үргэлжилсэн үгийн ном гаргасан.Уран бүтээлийн тайлан тоглолтуудаа хийсэн.Их хөдөлмөрч,уншигчдынхаа сэтгэээс хэзээ ч мартагдаж холддоггүй тийм нэг нандин чанартай уран бүтээлч билээ.Нөгөө тойрч бужигнасан олон шавь нар нь сонин сэтгүүл радио телевизэд ажиллаж, тэр залуусынхаа дунд Дулмаа эгч үе тэнгийн юм шиг л хөл нийлүүлэн алхалж байдаг нь энэ хүний увидас,үргэлж залуу сэтгэлтэй яваагийн нууц мөн.Хамгийн олон шавьтай яруу найрагч гэвэл Дулмаа эгч мөн.Зарим нь багш гэнэ,зарим нь ээж гэнэ.Нөхөд нь түүнийг манай Дулмаа гэж хүндэлнэ.Харин бүгдээрээ ам нэгтэйгээр Хаан найргийн хатан Дулмаа гэцгээнэ.Энэ бол ёстой оносон цол доо.

5 comments:

oldoshaksli said...

Ñàéõàí õ¿í ø¿¿.



Íýýðýý ë áè õàÿàí äýýðýý ºâñ çîäîëäóóëæ ºññºí 人.

Õààëãàíûõàà äóëààëãàíä õàöðàà íààõààð õàëóó òººíºæ áàéäàãñàí. Õºõºº ºâëèéí õ¿éòýíä.

The nothing man said...

Хөөх. Би уйлчихлаа. Багшаараа нэг үнсүүлэхсэн. Үнэхээр сэтгэл хөдөлчихлөө.

агай said...

сайхан дурсамж байна шүү

С. ГАНЧИМЭГ said...

Sain bain uu

Saihan dursamj bnaa. Tand amjilt hysiy

Anonymous said...

saihan dursamj bnaa havar shig havriin ohin shig nairagch shuu