BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS

Monday, November 9, 2009

ҮРГЭЛЖ АМГАЛАН ХӨХ МӨНХӨД...

Үргэлж амгалан хөх мөнхөд
Үзгээ атгаад үгээ нисгээд
Үргэлж амгалан хөх мөнхөд
Үйлээ тэврээд үндэсээ үлдээгээд
Үргэлж амгалан хөх мөнхөд
Үүр цайлгаад үдэш болгоод
Үргэлж амгалан хөх мөнхөд... Энэ бол миний ерээд оны шүлэг.Бүүр мартчихсан явтал санаандгүй нэг анд маань би чиний энэ шүлэгт их дуртай гээд уншиж өглөө.Үргэлж амгалан хөх мөнхөд тэмүүлэгч сэтгэл минь өөрчлөгдөөгүй ээ...Гагцхүү үргэлж амгалангийн тухай бодол минь л сар жилийн эрхээр өнгө зүс нь хувирах юм.Өөрийхөө зүрх сэтгэлийг үргэлж амгалан байлгаж сурах юмсан.Болсон болоогүй яасан олон зүйлд сэтгэлээ урж,үрж явдаг хүн юмбэ дээ би.Хэрвээ сэтгэлээ гаргаад дэлгэвэл сэмэрчихсэн байгаа байх даа...Сэмэрсэн сэтгэл гэснээс нээрээ ерээд онд олон сайхан шүлгээрээ бидний л гэх нэгэн үеийг хамт бүтээлцсэн Нямбуугийн Билгүүний
Сэмэрч гандсан сэтгэлийг чинь шүлгээрээ хөвөрдөж өгөхсөн
Шив шинэхэн байсаар л зуун жилийг үзэхсэн...гэдэг мөрүүд санаанд буугаад ирлээ.Н.Билгүүн хаана явдаг юм бол доо.Нэлээд эрт Америкт амьдардаг гэсэн сураг сонсож байсан санагдана.Уг нь Билгүүн бид нар нэг аймгийн улс л даа.Соёлын дээд төгсөөд сонинд ажиллаж дараахан нь "Дээдсийн хүрээлэн" гэдэг шуугиант сонин гаргаж явсан билээ.Ирээдүйн ерөнхийлөгчийг бид хүмүүжүүлнэ ч билүү нэг инээдтэй юм ярьдаг сонин гаргаж байхааргүй л сайн яруу найрагч байсан юм шүү.
...Бүүр түүрхэн сэтгэл минь алсын манан шиг цэлхэрээд
Бүдэгхэн хөх гал манан дунд гүйгээд л
Амьдрахуйн ухааныг сураа нь үгүй залуу нас минь
Алсын мананд гүйгч тэр цэнхэр гал мэт ээ...
...БИ
Цаг цагийн өнгөнд автах нь үгүй солонго
Цагаан цайлган монгол түмний гэгээн сэтгэлийн уянга
Үнэний бүлээн хөрсөнд энэ бие минь нуугдахуй дор
Үүлэн тэртээх огторгуйгаас хур болон асгарнам
Эрмэг Монголын үр сад над дээр ургаж
Эрин цаг эхийн хэвлий рүү даялмой... гэх мэтчилэн шүлэглэдэгсэн.Их сонин,өвөрмөц сэтгэлгээтэй шүлгүүд нь түүнийг нэг өөр харагдуулдаг байж билээ.Жижигхэн энэ дурсамж хэнийг ч чилээгээгүй байх гэж найдна.Харин яагаад үргэлж амгалан хөх мөнхийн тухай бодол минь өнгөө үргэлж хувиргадаг тухайгаа одоо үргэлжлүүлье.Би анд нөхөддөө их хүндэтгэлтэй ханддаг хүн юм байна. Өөрийгөө тэгж тоох нэг л шалтгаан байна.Учир нь би найз нөхдийнхөө үзэл бодлын эрх чөлөөг гайхамшигтай хамгаалж ,хүндэтгэн дагадаг хүн юм байна.Цоодолын Хуланг ерээд оны эхээр
Зүлгэн дээр гэрээ бариад
Зүгээр л нэг амьдрах юмсан...гэхэд нь ёстой чухам зүгээр л нэг амьдармаар сэтгэл хачин амарч билээ.Тэр амгалан тэнүүн амьдралыг сэтгэлээсээ буй болгож болохыг тэр үед нас минь надад зөвшөөрөөгүй бололтой.Дэгэн догон амьдралын нугачаан дундуур дэвэх жигүүрээ шархлуулаад унаж босож л явлаа.Дараа нь Хулан ахиад л
"Зүгээр л нэг амьдарч болохгүйн учир"аа учирласан.Би тэгэхэд нь нээрээ л тийм дээ гээд хашгирч байлаа шүү дээ.Миний дотнын найз Гомпилдоогийн Мөнхцэцэг өнгөрөгч хавар "Зөнгийн шувуу улаан" гэдэг яруу найргийн ном гаргасан.Мөнхцэцэгийн "Цээжний анир" ямрыг би дэндүү сайн мэднэ.Тэр номоос үл мэдэгхэн инээмсэглэлт,үлмэдэгхэн хилэнт,янаг нууцхан явдалт,хиртээгүй тунгалаг нулимст,намуухан гоо,тэгэхдээ цэнхэр уйтгарт бүсгүйн далавчны чимээ сонсогддог юм.Мөөжигийн шүлгүүд гүн ухааны аястай,дүрслэл нь хэлбэржээгүй сонин,учир шалтгааныг тайлах гэж оролдож биш тайлсан тайлалдаа орж бичдэгээрээ уншууштай.Мөөжиг үнэхээр эр өвс эхэлж ургадагт итгэдэг .Бас шар завьжтай жаахан шувуудын зүрх нь дандаа гаднаа цохилдгийг мэддэг.Дэндүү халуун хайр цангаадаг гэдгийг мэддэг мөртөө хүнийх байсан ч амрагийг дагуулахдаа л дагуулна гэж хатуурхдаг юм.Бүүр нялхаараа амьтан дөнгөж арвантавтайдаа л хавар хаврын шувууд гуниг далласаар буцдаг тухай бичихдээ
...Хэний нутгийн нууранд очих болдоо та нар
Хэд нь харин эргэж ирэх болдоо хөөрхий гэж ...нулимсаараа бичиж байсан шүү дээ.Тэр үед би Мөөжигийн шүлгээс цэнхэр зөн олж хардаг байсан.Одоо бид хорвоогийн араншинг багцаалах болжээ.Тэгээд ч шүлгийн дэвтрийн хуудас бүхэнд нисэлдэн байдаг цэнхэр зөнгийн шувууд хаашаа ч юмбэ нүүдэллэн одоод өвгөн хорвоог үргэлжлүүлэн таниад андлан нөхөрлөсний билэгдэл болсон улаан шувуудын зөөлөн дуу зүрхэнээс сонсогдох болжээ.Гомпилдоогийн Мөнхцэцэгийн "Зөнгийн шувуу улаан".Сайхан байгаа биз.Энэ номыг уншаад үзээрэй.Харин дараа нь зөнгийн улаан шувуудын дуунаас түүж авсан бодлоо хуваалцъя.Аа, бас миний бие үргэлж амгалан хөх мөнхийн тухай шинэ мэдрэмжтэйгээ цуг Мөөжигийн цэнхэр зүүдний орчноос улаан шувуудын ахуйд нүүгээд ирсэн шүү.

Sunday, November 8, 2009

Хаан найргийн хатан ДУЛМАА

Яруу найргийн алтан үеийнхэн гайхамшигт бүтээлүүдээрээ ард түмний оюуныг мялааж,гадаа гэртгүй хөгжлийн түрлэг уухай хадаасан жараад оны үес.Гандан Туулын дэнжээр ганган хүүхнүүд гараа хаялан зугаацсан үдшийн тогтуунд Улаанбаатарын шилэн ресторанд твист бүжиглэж, шифр сэнгэнүүлсэн залуус тэр үеийн шинэ Монголын нийслэл хотын хэв шинжийн нэгээхэн хэсгийг бүрдүүлж байсан ажаам.Төв аймгийн Авдарбаянгаас Улсын Их Сургуульд суралцахаар ирсэн улаан хацартай жаал бүсгүй уртаас урт хилэн хар гэзгээрээ харцуудын харцыг шилбүүрдэн, ном тэвэрч гүйсээр их найргийн замд үе тэнгийн нөхөдтэй дөрөө харшуулсан нь эдүгээ "хаан найргийн хатан Дулмаа "хэмээн өргөмжлөгдсөн гэгээлэг сэтгэлт эрхэм найрагч эгч минь ажгуу.Сүрэнжав,Бадарч,Чойном,Пүрэвсүрэн гээд үеийн харцууд дотроо ганцхан эмэгтэй түүнийг амьдрал олон шалгуураар сорьж сонжсон билээ.Нэг удаа нөгөө хэдэн найрагчдын нэгнийх нь эхнэр нөхөртөө "Чи өчигдөр нэг өндөр хүүхэнтэй сугадалцаж явсан гэнэ "гэж их л хилэгнэхэд нөхөр нь "ХН тэр чинь хүүхэн биш Дулмаа" гэсэн юм гэдэг.Ийм л дотно дулаахан нөхөрлөл тэдний үеийг чимж явж дээ.Их бүтээн байгуулалтыг магтан дуулсан сүрлэг дууллууд,Бэгзийн Явуухулангийн дорнын уянгат тансаг бичлэг ,Дэндэвийн Пүрэвдоржийн ширгэшгүй ундаргат цэцэн танхай найраглалуудтай зэрэгцэн хүний сэтгэлийн хамгийн эмзэг торгон утсыг хөндөн бичсэн Шагдарын Дулмаагийн "Хүүгийн эцэгт бичсэн захидал" хэмээх дуулал "хүн бүхэн амандаа хүлхэж мөлийлгөсөн хүсэл хяслын алтан үрэл"гэгчээр тэр үеийнхний амнаас салахыг больжээ.Жараад оны сүүлч далаад оны эхэн үеэр Шагдарын Дулмаагийн олон бүтээлүүд хэвлэгдэн түмнээ хүрч тэр тоолон бүтээлийнх нь чанар чамбайрсаар байв.Шагдарын Дулмаа бол бүсгүй найрагчдын замыг засаж даль жигүүрийг нь өдлүүлээд гар дээрээсээ нисгэдэг "ээж буудал" юм.Энэ хүний эргэн тойрон дандаа яруу найрагчид хүрээлж байх даллага авахуулсан гэлтэй.Гэрээр нь дүүрэн найрагчид бужигнаж байдаг тийм л айл.Амьдралын ээдрээт харгуй туулж дөрвөн хүүхдээ өсгөхдөө гадаа гарч эр,гэрт орж эм болж явсан сульдашгүй дайчин чанар, их ухаан энэ эмэгтэйд бий.Дулмаа эгч миний хувьд бас л эгэлгүй дотнын хүмүүсийн маань нэг нь билээ.Анх 1992 оны хавар Зохиолчдын хороон дээр Дулмаа эгчтай таарсан юм.Би урьд нь Дулмаа найрагчийг олж уулзах гэж зохиолчдын хорооноос сураглаад "Герман явсан" гэдэг хариуг хэдэнтээ сонсоод байсан үе билээ.Зав л гарвал гүйж очдог Зохиолчдын маань Хорооны нэгдүгээр давхарт хөвөрсөн урт хар банзалтай,шар савхин хүрэмтэй,саатай цэнхэр ороолтоор гангарсан ,халимаг үстэй дэгжин эрхэм нэг хүнтэй ярилцаад зогсож байснаа, намайг нэрээ хэлж мэндлэхэд,"өө, чи минь нөгөө Ичинхорлоо" гээд хэзээний таньдаг дотнын хүн шиг татаж аваад үнссэнийг нь их тод санаж байна.Би тэр үед лавтайяа гэрээ, ээжээ санаж явсан болоод тэр дотносол тийм тод сэтгэлд минь үлдсэн байх.Бидний анх уулзахад Дулмаа эгчийн хүзүүнд байсан тэр ганган цэнхэр ороолтоор нь би нэг удаа өөрийгөө гоёод хайрын шүлгийн "Цэнхэр унага "гэдэг наадамд шүлэг уншиж түрүүлж байсан юм.Тэгээд шагналаа тэвэрчихсэн, цэнхэр ороолтоо намируулчихсан их л баяртай дэгдэж явахдаа арай өөрийгөө цэнхэр унага мэтээр төсөөллүү яалаа... Дулмаа эгчийн хань Ганболд ах үнэхээр сайхан хүн байлаа.Түүнийг "Дайсны цэргүүд ээ сонсоцгоо" киноны Гэлэг хошуучийн дүрээр түмний сэтгэлд мөнхөрснийг нь хэн бүхэн мэднэ.Анх уулзаад лДулмаа эгч намайг шууд гэртээ дагуулж очсон.Гэр нь тавдугаар сургуулийн ард.Одоо ч тэндээ амьдардаг.Тэр өдрөөс хойш багшийн дэдээс миний гаргасан бас нэгэн зөрөг энэ айлыг чиглээд зурайж билээ.Тэдний хуучин утасны дугаар нь 62561.Одоо 313561 болсон.Одоо ч би заримдаа андуураад 62561 гэж залгах нь бий.Би тэднийд очиж хонох зөвшөөрөл байгаа айлаасаа аваад Дулмаа эгчтэй шөнөжин ярьж хонодог байлаа.Одоо бодоход их л нууц юм ярьдаг байсан юм байлгүй учиргүй шивэгнэлдэн ярьж байгаад гэнэт хоёул тачигнатал хөхрөлдөн Ганболд ахыг цочоож сэрээдэг байв.Наддаа л их нууц, чухал,заримдаа бол хүн тоож сонсмооргүй тэр бүхнийг Дулмаа эгч минь тоож сонсоод зөвлөж ,нулимсыг минь арчиж,аргадаж,зоригжуулж байдагсан.Би их сургуулиа төгсөөд өвөртөө дипломтой нүүрэндээ сэвхтэй хүүхэн болоод Өвөрхангайруугаа арилж өглөө.Дулмаа эгч хойноос байн байн захиа бичнэ.Хөдөөнөөс хотруу орж ирж хотын айл болон төвхнөхийг уриална.Энэ захидал болгон намайг амьдралын шинэ үүрээ хотод засахад зоригжуулж байлаа.Угаасаа ч зүрхээ Улаанбаатарт гээчихээд ирсэн мэт багын диваажин Арвайхээртээ сэтгэл минь удаан тогтоогүй билээ.Тэгээд л нэг жилийн дараагаар охиноо тэвэрч нөхрөө дагаад хадам аавынхаа барьж өгсөн арван ханатай баяд гэрийнхээ буйраар телевизийн хуучин эцсийн буудлын жижигхэн хашаанд монгол айлын тамга дарж, шинэ айлын голомт тулж билээ.Мэдээж манайх гэдэг айлын анхны зочид нь Дулмаа эгч ,Ганболд ах хоёр маань байсан.Ганболд ах бүүр "Боргио" гээд пиво авчихсан тухлаж суух завтай ирнэ.Гэр дүүрэн баяр болдог байлаа.Нэг удаа Ганболд ах "Алтан тариа"гийн гурилын рекламанд тоглох болоод манай гэрт зураг авахуулж билээ.Цагаан сарын боов хийж байгаагаар...
Монгол гэр сайхан гээд нэг их том хүн манай том гэрийн зайг дүүргэн завилаад,жаахан халамцчихсан
-Ээж та намайг хараа нээрээ би согтсон гэж үү...гээд Дулмаа эгчрүү дуулж суудагсан.Би охиноо галд ойртуулахгүй гээд бүсээр уячихна.Ганболд ах хүүхэд уячиж гээд их дургүйцэх маягтай байна.Би тэгэхээр нь үгэнд нь орж байгаа мэт уяаг нь тайлчихаад тэр хоёрыг явахаар нь ахиад л уячихдаг байж билээ.Миний ингэж охиноо уядгийг нөхрийн маань ах ,Ганболд ах хоёр их эсэргүүцдэг байсан санагдана.Тэгээд нэг удаа Товуугийн маань ах одоо Энхүүшийг битгий уяж бай гээд уясан бүсийг нь тайлаад шидчихэж билээ.Би ахаас айгаад дахиж ер охиноо уяхаа больсон юмдаг.Тийнхүү авга ахынхаа ачаар уяанаас чөлөөлөгдсөн охин маань манай хамаг аяга тавгийг хагалж өгөөд хөлд орж, хорвоотой танилцахаар гэрээсээ гарч хаяаны манаасны жижигхэн чулуунуудыг түүж эхэлсэн юмдаа.Эргэн санахад жижиг гэлтгүй дурсамж бүхэн сайхан байдаг шиг байна. Дулмаа эгч яруу найргийн олон ном хэвлүүлсэн хүн.Сүүлд нэлээд хэдэн үргэлжилсэн үгийн ном гаргасан.Уран бүтээлийн тайлан тоглолтуудаа хийсэн.Их хөдөлмөрч,уншигчдынхаа сэтгэээс хэзээ ч мартагдаж холддоггүй тийм нэг нандин чанартай уран бүтээлч билээ.Нөгөө тойрч бужигнасан олон шавь нар нь сонин сэтгүүл радио телевизэд ажиллаж, тэр залуусынхаа дунд Дулмаа эгч үе тэнгийн юм шиг л хөл нийлүүлэн алхалж байдаг нь энэ хүний увидас,үргэлж залуу сэтгэлтэй яваагийн нууц мөн.Хамгийн олон шавьтай яруу найрагч гэвэл Дулмаа эгч мөн.Зарим нь багш гэнэ,зарим нь ээж гэнэ.Нөхөд нь түүнийг манай Дулмаа гэж хүндэлнэ.Харин бүгдээрээ ам нэгтэйгээр Хаан найргийн хатан Дулмаа гэцгээнэ.Энэ бол ёстой оносон цол доо.