BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS

Friday, October 23, 2009

Нөхрийн тухай хэдхэн үг

Эх дэлхий намрын гоёлоо хэдийнээ өмсөөд сэтгэлийн мухарт анхны цас бударчихсан энэ гэгэлгэн шаргал өдөр зүрх сэтгэл минь шинийг эрэлхийлэн тонгочиж байна.Шинэ ном бичихээр аль хэдийнээ үзгээ авсан боловч шүлэг гэдэг шувуу тооноор гараад нисчихжээ.Ингэж дуншиж дуншиж бичсэн маань ёстой л удтал хүлээсэн нуган үр шиг хайртай шүлэг болдгийг би мэдэх юм.Тэгэхээр хүлээгээд л байхаас биш дээ...Ер нь шүлэг гэдэг залуу насны ажил шүү...Үргэлжилсэн үг рүү нас минь чангааж байна гэж нэг үг байдагсан.Тэгэхдээ манай Рэгзэдийг бол нас нь чангааж үргэлжилсэн үгийн зохиол бичүүлээгүй юм л даа.Түүнтэй анх танилцахад хөдөөгийн найрагчдад түлхүү ажиглагддаг бадрангуй омголон хэмнэл биш хачин гүнзгий бодлогоширсон ,чигжүү хурц зан үнэртэж билээ.Тэр үед бид дөнгөж арвандолоотой байлаа. Тэр нэг л шазруун зантай охин санагдсан.Оюутны анхны намар л шахуу "Эжийгээ санаад байнаа" гэдэг шүлэг уншихад нь ёстой нээрээ ээжийгээ санаад уйлж билээ.Баяртогтохын Батрэгзэдмаа Нисэлт шүлгийн номоо бүүр хожуу 2000 онд хэвлүүлсэн санагдана.Харин түүний жүжгийн зохиолууд нийгмийн захиалгаар бичигдсэн гэхээсээ илүүтэй монголын орчин үеийн театрын амьдралыг хөдөлгөөнд оруулах гэсэн эрмэлзэл,уранбүтээлч хүний шинэлэг үзэл бодол, эрх чөлөөний тунхаглал байсан юм."Хаалганы өмнө" жүжиг бол миний хувьд Рэгзэдийг өөртөө дахин нээсэн жүжиг байлаа.Үнэн мөний тухай дуулал ,хүн амьдралын шуургыг яаж хүлээж авч,өөрийгөө хэрхэн шинээр нээж байгаа тухай зүгээр л "тоглоод хаячихсан" жүжиг л дээ.Рэгзэдийн жүжгүүд диалог сайтай,гүнзгий зөрчилтэй дүрүүд нь дандаа эрсдэл агуулж байдаг.Яг л тэсэрэхэд бэлэн бөмбөгүүд шиг тэр дүрүүд бол бүгд гол дүрүүд байдаг.Жүжгийн туслах дүрүүд хаачив аа...Туслах дүр байхгүй.Харин би үүнийг л шинэчлэл гэж хэлэх гээд байгаа юм.Рэгзэдийн олон жүжгүүдийг абсурд гэж оношлодог.Өөрөө ч тэрийг хүлээн зөвшөөрдөг юм билээ.Харин би мунхаглахдаа абсурд гэхээсээ илүү эмгэнэлт жүжгүүд гэж боддог.Тэдгээр жүжгүүдэд баригдам нэг л нэт цөхрөл,давшгүй уйтгар харагдаад байдаг.Жүжигчид тайзан дээрх эрх чөлөөгөө алдаад зүрхэндээ хашгирч тэр нь үзэгчдэд тэмтрэгдэх тийм л жишээний сэтгэгдэл...Би хүсэхгүй байна" ,"Хорионыхон",Хаалганы өмнө,"Тайчигч хөвгүүд,саарал гудамжаар аялсан бяцхан тэмдэглэл маань энэ билээ.Харин би одоо Батрэгзэдмаагийн шинэ бүтээлүүд болох "Тэр" хэмээх үргэлжилсэн үгийн бүтээл,мөн "Анарын өнгө" хэмээх шинэ яруу найргынх нь номыг хүлээж сууна.Дараагийн нэгэн ийм өнгөт өдөр Рэгзэдийн хуучин зохиолуудын тухай илүү олныг бичнээ...

1 comments:

Б.Баясгалан said...

Эхлээд хэд гуравхан хором болоод л яаж төгсөх нь мэдээж болчихдог тийм хялбархан жүжгэнцэрүүдээр театр дүүрчихжээ. Ийм зүйлийг үзэхэд хүн тархитай байх шаардлагагүй. Хэт хялбар тийм жүжгүүдийн дараалалд дугаарласан хэт хялбар үзэгчид... Зохиогчийн зорилго нь урлаг хийхэд биш, мөнгө хийхэд... Үзэгчид нь харин оюуны таашаал эрэх бус оройн хоолны дараах хөнгөхөн зуушны зориулалтаар үзвэрт хандана... Улиг болсон эд дээ. Харин Батрэгзэдмаагийн жүжгүүдийн тайлал нь төгсгөлдөө үлдэж чаддагаараа онцлог санагдсан... Тэр бол миний хувьд их бага хэмжээгээр сьюрприз барьж чадсан зохиолч БҮСГҮЙ...